Wednesday, April 13, 2011

Цонх

Зуны аагим халуун мөртлөө яагаад ч юм цаанаа л нэг жихүүдэс хүрэм өдөр найзуудтайгаа уулзхаар гарсанаа гэнт очмооргүй, ганцаараа баймаар санагдаад нозоорсон мөртлөө л гудамжаар хаашаа явж байгаагаа мэдэхгүй алхав.
                Нар буцах болж, сэрүү ч бууж. Нилээд алхсаны дараа, амьсгаагаа дарангаа эргэн тойрноо ажтал гурван давхар, цагаан, яаж одоо болтол байгаа юм болоо гэмээр “зөвлөлт”ийн ах нар маань барьсан нь илт байрны хажууд ирсэн байв. Орцны үүдэнд нь жижиг, өнгө нь нилээн гундсан модон сандал дээр суугаад орчин тойрноо ажиглав. Саравчин дотор яриа хөөрөө болж буй хоёр охиноос өөр хүн амьтан харагдсангүй.
               Ийш тийш харан сууж байтал гэнт л хэн нэгэн намайг ширтээд байгаа юм шиг санагдаад эргээд хартал нэг давхрын цонхны төмрөөс зуурсан жижигхээн, хөхөрсөн гар зуурсан байсансан. Удалгүй гарны эзэн цухуйв. Тийм жаахан гэхэд зарим нэг олон жил амьдарсан хирнээ хоосон нүдтэй хүмүүсийн хажууд их л гунигтай, зовлон үзсэн харцаар намайг нэгэн хүү ширтэн байв.
-Сайн уу? Чи ганцаараа байгаа юм уу? Аав ээж нь хаачсан юм бэ? Хэмээхэд юу ч хэлсэнгүй, дуугүй л толгойгоо сэгсэрнэ.
Цаанаа нь хэн нэгэн гүйж ирэх чимээ дуулдав. Хартал үсээ хоёр салаа сүлжсэн хөөрхөн охин харав. Үсээ оролдоход нь гарыг нь хальт хартал булбарай охин гар нь аль хэдийн мойногшиж, олон сорви тогтсон байв. Мөн л түрүүний асуултаа асуухад, бас л дүүгийнх шигээ дүрлийсэн нүдээрээ харж байснаа ярив:
-Эгч ээ, дүү бид хоёр ингээд л өдөржингөө хоёулхнаа байдийн. Ээж маань зах дээр ногоогоо зарах гээд өглөө эрт явчихсан, аавын маань найзууд өчигдөр аавтай шатар тоглоно гэж гараад одоо болтол ирээгүй л байна. Гэртээ ирэхдээ дандаа л муухай үнэр үнэртүүлчихсэн ирдэг юм. Би лав том болоод архи уудаггүй ахтай суунаа... Бид нар аавдаа зөндөө хайртай, даанч согтуу ирэхээр нь ээж, дүү бид 3 айгаад байдгийн. Би найзуудтайгаа сургуульд явмаар л байдгийн, даанч дүүг харах хүнгүй, яслид өгсөн чинь бид нарын мөнгө хүрээгүй тэгээд  дүүгээ буцаагаад аваад би хардаг болсон. Би түрүү жилээс л хоол хийж сурсан, анх зөндөө гараа исгэдэг байсан” хэмээгээд гаран дээрх сорвиудаа харуулав. “Дүү бид хоёр том болоод аав ээждээ заавал тусланаа. Тэгээд бид дөрөв ахиж өлсөхгүй, аав архи уухгүй, ээж зах дээр муухай хувцастай зогсохгүй” гээд жаргаж буй нарны зүгт ширтэв. Гэнт юу болсийн гэмээр миний хоолой зангираад, нулимс цийлэгнээд явчихав. Би цонхноос холдсоор саравчинд орж суугаад байшинг нилээн ажиглав. Гурван давхрын вакуум цонхон дахь айл гэрэлтэй. Болор гэрлийн бүрхүүлийнх нь солонгорсон туяа ханан дээр нь ойно. Харваас чинээлэг “цонх”...
   Ингээд бодохноо, тэр байшин яг л амьдрал шиг шударга бус. Баян нь дээрээ, ядуу нь дороо.  Цонх болгоны цаана нэг бүхэл бүтэн Дэлхий, ертөнц, амьдралын эрээн бараан оршин буй ажээ.

3 дахь зассан хувилбар. 2011/IV/13/22.53                   Б.Ариуна

No comments:

Post a Comment